Гүнзгий: 7-р долоо хоног (Унших)

Унших хичээлийг бие дааж хийхдээ:

1. Эхийг “Materials” дэд цэснээс анхааралтай хэд хэдэн удаа уншаарай.
2. Шинэ үг болон хэллэг байвал жагсаан бичээд эх хэлрүүгээ орчуул.
3. Мэдэхгүй хэлзүйн хэлбэр байвал тэмдэглэн аваад багшаасаа асуу.
4. Тодорхой нэг хэсгийг сонгож аваад эх хэлрүүгээ орчуул.
5. Дараах асуултуудад хариулсан эх бичээд файл болгон хадгалж, доорх “Upload Assignment” хайрцганд байршуулаарай.

  • Монгол улс юу хийх хэрэгтэй вэ ?
  • Монгол хэлээр хэдэн хүн ярьж байна вэ?
  • Монгол хэлээр ярилцагчид хаана хаана байна вэ ?

Нэмэлт дасгал:

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд хөндөгдсөн монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү, хэрэглээний хувьд яагаад эмзэг хэл болох тухай асуудлаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Одоо дэлхий дээр монгол хэлээр хэчнээн хүн ярьж байна вэ?

- Энэ дэлхийд монгол угсаатан  хэчнээн хүн байна вэ гэсэн албан ёсны тоо гаргахад их хэцүү. Тэгэхдээ миний баримжаалж олж тогтоосноор, 10 сая гаруй монгол  угсаатан байна. Гэхдээ энэ бол монгол хэлтэн биш шүү дээ. Одоо энэ 10 сая гаруй монгол угсаатан голдуу Ази, Европын нутагт байна. Манай Монгол Улсад гурван сая гаруй нь байна. Энэ бол дэлхийн монголчуудын төв. Яагаад би ингэж хэлж байна гэхээр, хэл бичиг соёлтой байгаагаараа монгол үндэстний дархлаа манай монголчуудад илүү хадгалагдаж байна. БНХАУ-д бол монгол угсаатан бас нэг зургаан сая орчим байна.  Тэр дотроос яг монгол хэлээрээ ярилцаж байгаа нь баримжаалсан тоогоор 3-4 сая орчим.

ОХУ-д бол хоёр том газар монгол угсаатан байна. Нэг нь, Халимагийн Бүгд Найрамдах улс. Албан ёсны бус мэдээгээр, 160 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий. Буриадын Бүгд Найрамдах Улсад мөн албан ёсны бус мэдээгээр, 500 мянга гаруй монгол угсаатан байна.

За тэгээд бусад газарт хэл соёлоо мартсан боловч монгол угсаатан байна. Жишээлбэл, Афганистаны моголууд бол бүр 13-р зууны үед Чингисийн удмынхны байлдан дагууллын улмаас, мөн Ил хаант улсын үед очсон монгол угсаатан бөгөөд тэнд цөөн тоогоор үлдэн монгол хэл соёлоо олон жил хадгалж байгаад иран, перс хэлний нөлөөнд орж, одоо хэрэглэхээ больсон.

Түүнчлэн ОХУ-ын Уул-Алтай, Эрхүү муж, Чит, Агын тойрогт монгол угсаатан байгаа ч хэл соёлын хувьд мартагдсан гэж үздэг. Зарим судлаачийн хэлж байгаагаар, Энэтхэгт монгол угсаатан байна гэсэн мэдээ байдаг. Киргизэд бол Хар голын монголчууд гэж байна. Ингээд тооцоод байвал 10 сая гаруй монгол угсаатан дотроос 6 сая орчим монгол хэлтэн байна гэдэг бол харамсалтай тоо.

Угсаатан хэлээ хадгалахгүй байна гэдэг нь монгол үндэстний дархлаа алдагдаж байна гэсэн үг. Тийм учраас монгол үндэстнүүд өөрийнхөө эх хэлийг хамгаалж, аль болохоор олон хүн монгол хэлээ эзэмших ёстой гэж би боддог.

-За тэгэхээр хэрэглэгчийн тоогоор эмзэг хэлний нэг нь монгол хэл байх нь. Буриад хэл, халимаг хэл гэж яриад байна. Эдгээр нь бие даасан хэл юм уу, эсвэл монгол хэлний нэг аялгуу юм уу?

-Монгол хэл бол холын болон ойрын төрөл хэл гэсэн хоёр бүлэг төрөл хэлтэй. Гарал үүслийн хувьд, нэлээд судлаач Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг. Тэгэхлээр Алтай язгуурын хэл дотор бие даасан үндэстэн, угсаатны хэл бол түрэг хэлүүд байна. Түрэг хэлээр дэлхийд олон хүн ярьж байна. Энэ бол казак, киргиз, узбек, татар гээд л 30 гаруй бие даасан хэлийг хамаарсан том хэл юм. Монгол, манж түнгүс, түрэг гурван хэл бол холын төрөл хэлүүд, Алтай язгуурын хэлээс салбарласан, одоогоор бие даасан том  үндэстний хэл болтлоо дархлаажсан.

Зарим хүн солонгос, япон хэлийг Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл биш. Монгол хэл Алтай язгуурын хэлээс салаад бие даасан хэл болсны дараагаар түүхэн урт хугацааны турш монгол хэлээс хэд хэдэн хэл салбарласан. Үүнийг судлаачид янз бүрээр үздэг. Бие даасан долоон монгол хэл байна гэж үздэг хүмүүс байна. Жишээлбэл, одоо төв монголчууд, өвөрмонголчууд, халимаг, тува, буриадууд ярьж байгаа энэ хэлийг орчин цагийн монгол хэл гэж байгаа. Түүнээс гадна дунд болон эртний монгол хэлний онцлогийг хадгалсан бас хэдэн хэл байна. Тэр бол монгол хэлээс салсан буюу монгур, дунсайн, дагур, шар ёгор, Афганистаны могол.

Халимаг, буриад хоёрыг Оросын хэл судлаачдын үүднээс бие даасан хэл гэж үздэг. Харин манай монгол хэлний хувьд, бие даасан хэл биш гэж би үздэг. Яагаад вэ гэхээр, монгол хэл дотроо дөрвөн том аялгуутай.

Тэр дөрвөн том аялгууны нэг нь халх аялгуу, одоо энэ өвөр монголчуудын ярьж байгаа буюу өвөр аялгуу, тэгээд ойрд  аялгуу, буриад аялгуу. Тэр дөрвөн том аялгууны ойрд доторх халимаг, буриад аялгуунд нь буриад орно шүү дээ.

Энэ хоёрыг бие даасан хэл гэж үздэг бас нэг үндэслэл нь, халимаг, буриадууд бол бие даасан утга зохиолын хэлтэй гэдэг л дээ. Гэтэл өвөрмонголчууд мөн бие даасан утга зохиолын хэлтэй. Тэгэхээр бие даасан хэл гэж үзэх үү, яах вэ гэдэг асуудал нь хэл шинжлэлийн онолын хувьд тодорхой  болсон зүйл биш юм.

ОХУ-д багтаж байгаа олон хэлтний дотроос бие даасан хэл гэж үзэж байгаа бол бид буруутгах аргагүй. Харин монгол хэлнийхээ онцлогийн хувьд халимаг, буриад хэлийг ойрд буриад аялгуунаас нээх холдоогүй учраас бие даасан хэл гэж би үздэггүй.

-Сүүлийн үед монгол хэлний асуудлаар өрнөсөн хэлэлцүүлгүүдээр монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү гэсэн асуудал нэлээд хөндөгдсөн. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

-Яаж үнэлж байгаагаас шалтгаална. Миний хувьд бол, монгол хэл бие даасан үндэстэнд үйлчилж байгаа, байгаль, нийгэм, сэтгэхүйн бүхий  л шинжлэх ухааны бүтээлийг уншиж болох учраас шинжлэх ухааны хэл биш гэж үзэх нь харамсалтай. Ер нь бол монгол хэлээр, ялангуяа гадаадын хүмүүс шинжлэх ухааны бүтээл уншихгүй байна л даа, монгол үндэстнүүд л уншиж байгаа болохоос.

Англи, орос, франц ч гэдэг юм уу, НҮБ-ын албан ёсны хэлүүдийг сурах хэрэгтэй. Гэхдээ эх хэлнийхээ өмнө тавьж, эх хэлээ ямар нэг хэмжээгээр дорд үзэж болохгүй. Тиймээс монгол хэлийг улам хүчтэй, дархлааг нь улам сайжруулахын тулд шинжлэх ухааны бүтээл, шинжлэх ухааны мэдээллийг маш их гаргах хэрэгтэй юм. Жишээлбэл, манай академийн байгаль, нийгэм, сэтгэл судлалын гэдэг ч юм уу шинжлэх ухааны бүтээлүүдийг аль болохоор монгол хэлээрээ орчуулдаг, нэр томьёог нь аль болохоор монгол хэлээрээ гаргадаг, мэдээллийг нь аль болох бүх нийтэд эх хэлээрээ түгээдэг бол шинжлэх ухааны хэл  гэж хэлэх бүрэн үндэстэй.

Огт шинжлэх ухааны хэл биш ээ гэж үзэх шалгуур бол их өөр шүү. Түүнээс биш НҮБ-ын хэлүүдтэй монгол хэлийг хэрэглээний түвшинд  харьцуулаад тэгж яриад байж болохгүй.


Монгол хэл бол утга зохиолын хэлний хувьд маш олон салбартай шүү дээ. Уран зохиолын найруулга, сонин нийтлэлийн найруулга, шинжлэх ухааны найруулга, албан бичгийн найруулга гэсэн дөрвөн том найруулгын хэв шинжтэй. Ийм учраас шинжлэх ухааны бүтээл монгол хэлээр огт гардаггүй гэж хэлэх үндэслэл байхгүй.

- Манай шинжлэх ухааны байгууллагууд одоо хүртэл Монголдоо эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахдаа илтгэлээ заавал англи, эсвэл орос хэлээр бичих шаардлага тавьдаг. Энэ нь хэлээ үнэгүйдүүлж буй бас нэг хэлбэр юм биш үү?

- Эцсийн эцэст монгол хэлээ бусад хэлнээс дорд үздэг хандлагаас л ийм зүйлүүд гарч байна л даа. Монголчууддаа зориулсан шинжлэх ухааны сэтгүүл аль болохоор монгол хэлээрээ байх ёстой гэж би боддог. Жишээлбэл, Хэл зохиолын хүрээлэн, Математикийн хүрээлэн гэдэг ч юм уу, аль болох монгол хэлээрээ шинжлэх ухааны нэр томьёог орчуулж  байвал монгол хэлний дархлаанд маш чухал. Олон улсын сэтгүүлд хэвлэх бол өөр хэрэг. Монгол Улсын тухай мэдээлэл дэлхий дахинд өгөх гэж дэлхийд нэрд гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх гэж байгаа бол мэдээжийн хэрэг тэр хүлээн зөвшөөрөгдсөн хэлүүдээр нь хэвлүүлэх хэрэгтэй.

Ер нь бол, дэлхий дахинд эрдэм шинжилгээний мэдээлэл түгээж байгаа том том сэтгүүлүүд бас  нэг талаараа бизнесийн зорилготой, их үнэтэй байдаг. Түүнд нь шүтээд, дандаа л англиар, оросоор гэж туйлширч болохгүй юм.

- Тухайн хэлээр ярьж байгаа хүн хэдий чинээ олон байх тусам уг хэл хүчтэй байдаг гэж нийгмийн хэл шинжлэлд үздэг. Хятадад болж байгаа олон улсын аливаа үйл ажиллагааг хятад хэлээр явуулах саналыг урд хөршид маань дэвшүүлж эхэллээ. Физикээр Нобелын шагнал авсан япон эрдэмтэн "Би англи хэлээр ярьж чадахгүй" хэмээн мэдэгдсэнээрээ эх хэлээр нь ч өндөр түвшний эрдэм шинжилгээний юмыг хийж чадна гэж үг үйлдлээрээ илэрхийлсэн. Энэ асуудал хэдийгээр тухайн орны эдийн засгийн хүчин чадалтай холбоотой ч манайд бол монгол хэлээ хэтэрхий үнэгүйдүүлж байгаа жишээг тоочоод баршгүй байна л даа?

- Олон хэрэглэгчидтэй том үндэстэн бол хятад. Хятадад болж байгаа бүх хурал хятад хэлээрээ байна гэдэг бол хэлээ хамгаалж хэрэг шүү дээ. Улстөржиж байгаа юм биш л дээ, гэхдээ Кембрижийн боловсролыг “Монголд суулгана, дэлхийн жишигт хүргэнэ” гээд байна. Түүнээс өөр ярих ёстой юм бол энэ цөөхөн тоотой үндэстэн өөрийн үндэстний дархлааг хамгаалахын тулд монгол хэлийг бүх хэлээс дээгүүр тавих хэрэгтэй. Ялангуяа монгол улсынхаа хэмжээнд.

Аливаа үндэстний дархлааг хадгалж байдаг олон хүчин зүйл байдаг. Үүнд, тухайн хэлээр ярилцагчдын тоо маш чухал. Яагаад гэхээр, ер нь хэр зэрэг олон хүн хэрэглэж байгаа нь хэлний дархлаа, үндэстний дархлааг хадгалж байдаг хүчин зүйл юм.

Сүүлийн үеийн залуучууд, эх хэлээсээ илүү англи хэлийг их шүтдэг болсон байна. Тийм учраас одоо монгол хэлний хэрэглээг аль болох олон байлгах хэрэгтэй. Монголд болж байгаа эрдэм шинжилгээний  хурал нь ямар ч байсан монгол хэлээрээ явж байх ёстой шүү дээ.

Харь хэлийг шүтдэгээс болоод дэлхийн жишигт хүргэнэ гэдэг баг зүүлгэчихээд хэлний хэрэглээгээ өөрсдөө устгаж хумьж байна гэдгээ зарим хүмүүс ойлгохгүй байна. Ялангуяа гадаадад явж, магистр, доктор хамгаалж ирчихээд түүнийгээ шүтээд эх хэлнийхээ хэрэглээ, үнэ цэнийг дорд үздэг тийм сэтгэлгээ байж болохгүй.

Монгол ажилд авахдаа ч англи хэлтэй юу гэдэг шалгуурыг тэргүүнд тавиад байна шүү дээ.

Монголд үйл ажиллагаа явуулдаг л бол, хамгийн наад зах нь монгол хэлээр зөв бичих, найруулах чадвар байна уу, үгүй юу гэдгийг сайн шалгах ёстой. Энэ бол монгол мэргэжилтэн хүний том  шалгуур байх ёстой.


Харин монгол хэлний тухай хууль гарснаас хойш төрийн албанд орж байгаа хүмүүсээс монгол хэлний шалгалт авч эхэлж байна. Түүнийг чанаржуулах хэрэгтэй. Энэ бол үндэстний дархлааг дэмжиж байгаа үйл болохоос,туйлширч байгаа зүйл биш юм. Монгол хэлээ мэдэхгүй Монголд үйл ажиллагаа явуулна гэдэг бол хэцүү шүү дээ.