Гүнзгий: 8-р долоо хоног (Унших)

Унших хичээлийг бие дааж хийхдээ:

1. Эхийг “Materials” дэд цэснээс анхааралтай хэд хэдэн удаа уншаарай.
2. Шинэ үг болон хэллэг байвал жагсаан бичээд эх хэлрүүгээ орчуул.
3. Мэдэхгүй хэлзүйн хэлбэр байвал тэмдэглэн аваад багшаасаа асуу.
4. Аль нэг хэсгийг нь өөрөө сонгон дэвтэртээ хуулж бич.

Нэмэлт дасгал:

-Хоёулаа монгол хэлний тухай ярьсных, монгол хэл ер нь  хэр баян бэ гэдэгт хариулт өгье. Б.Ринчен гуай, "Зуун түмэн үгтэй хэлд зуд нүүрлэлээ" гэж бичиж байсан?

-Тийм ээ, энэ бол маш чухал асуулт. Монгол хэл бол баян, монгол хэл шиг ийм баян хэл дэлхийд байхгүй гэдэг л дээ. Энэ бол туйлшрал. Энэ хэл бол баян, энэ хэл бол ядуу гэж хэлэх явдал бол хэл шинжлэлийн хувьд бүдүүлэг юм.

Монгол хэл бол монголчуудынхаа хувьд монгол хүний сэтгэлгээний хувьд  үндэсний дархлааг авч явдаг хүрээндээ бол агуу баялаг хэл. Түрүүн хэлсэн дээ, шинжлэх ухааны нэр томьёог монголоор орчуулж болж байна уу гэдэг бол монгол хэлнийхээ баялаг руугаа орж байна уу гэдэгтэй л холбоотой. Шинжлэх ухааны олон улсын нэр томьёог монголоор орчуулж болдоггүй тохиолдол байна. Түүнийг үгүйсгэх аргагүй. Шинжлэх ухааны нэр томьёонд гадаад үг хэллэг байна.

Дэлхийн аль ч хэлний хувьд  үгсийн санг тоолж болдоггүй, тоо тогтоосон юм байхгүй. Ямар ч ухагдахууныг илэрхийлж чадаж байгаа бол баян гэж үзнэ. Гэхдээ монгол хэлэнд баян юмнууд байна л даа.

Жишээлбэл, нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой хэллэгээр монгол хэл баян. Таван хошуу малтай холбогдолтой нэршлээр бол монгол хэл нэн баян. Түүнчлэн хүндэтгэлийн юм уу, тийм нэр томьёо, цээр нэр, этгээд үг хэллэгийн хувьд бол үнэхээр баян.

Би хоёр япон хүнд хичээл зааж байгаад “үхэх” гэдэг үгийг монголчууд 200 янзаар хэлдэг гэж хэлэхэд, нөгөө хоёр маань манай япон хэл ч бас тэгэх байлгүй дээ гэлээ. Ингээд би нөгөө хоёрт үхэх гэдэг үгийг японоор хэдэн янзаар хэлж байна олоод ир гэсэн юм. Би өөрөө бас 200 хүрдгийг мэдүүлэх санаатай 180-аад үг олсон. Нас барах, тэнгэрт халих гээд...  

-Тэгээд япончууд үхэх гэдэг үгийг хэдэн янзаар хэлдэг гэж байх юм?

-Долоо хоногийн дараа нөгөө хоёроосоо асуулаа. Тэр хоёр 40 гаруй, 50-иад үг олсон байсан. Би бол 180-аад үг олсон, 200 арай ч хүргээгүй. Тэгчихээд би монгол хэл баян байгаа биз дээ гэж асуусан л даа. Тэгсэн чинь тэр хоёр, монгол хэл баяндаа биш байх аа, монголчууд их үхдэг байх, харин манайд бол загасыг төрөл зүйл, хэлбэрээр нь өчнөөн олон янзаар хэлнэ шүү дээ гэж байгаа юм. Тэгэхээр хаана байдаг, ямар аж ахуй эрхэлдэг, ямар ёс заншилтай, ямар хүмүүс вэ гэдгээрээ ялгаатай байна. Цас бороо их ордог газрын эскимосууд бол цас бороог 20, 30 янзаар хэлдэг гэж байгаа.

- “Үхэх” гэдэг үгийг орос хэлээс шүүрдэхэд 10-ын дотор л эргэлдэж байна гэж манай нэртэй сэтгүүлч ярьж байсан. Тэгэхээр манай хэл маш баян шүү дээ гэж энэ үгээр их иш татдаг л даа. Ер нь энэ үгийг монгол хэлээр ийм олон янзаар хэлдэг нь монголчуудын ямар сэтгэхүйтэй холбоотой вэ?

- Үхэх гэдэг үгийг олон янзаар хэлдгийн учир бол, дээд, доод, дунд найруулга, тэгээд бас монголчуудын цээрлэх ёс, хүндэтгэлийн аястай холбоотой монгол сэтгэлгээний онцлог юм. Ер нь голдуу хүндэтгэлийн аястай  байдаг. Үүнтэй адил монгол хэлээр таван хошуу мал адууны зүс хэчнээн олон янз бий. Бараг л 200,300-гаад зүс байна шүү дээ. Монгол хэлэнд 40,50 дан үгээр нэрлэсэн адууны зүс байдаг. Ер нь бол адуугүй газрууд бол нээх олон төрлөөр хэлэхгүй шүү дээ.

- Хагас сар тутамд нэг хэл устаж байна гэсэн мэдээлэл их явах юм. Ер нь ямар хэл устдаг юм. Хэлэлцэж байгаа хүн ам нь хэт цөөрсөнтэй л холбоотой юу?

- Олон шалтгаан байна. Нэгдүгээрт, хэрэглэгч цөөрвөл, хэрэглэгчгүй болбол устана. Энэ бол гол шалтгаан.

Монголын үрс маш олон болох болтугай” гээд  их зохиолч Д.Нацагдоржийн хэлээд байдаг чинь тэр шүү дээ. Монгол хэлээрээ ярьдаг Монголын үрс маш олон болох болтугай гэсэн ерөөл. Монголчууд бол цөөхөн тоотой мөртлөө гадаадад олон байдаг. 1990-ээд оноос хойш харьд очсон гэр бүлийн үр хүүхдүүд үндсэндэээ монгол хэлгүй болж байна шүү дээ.

Хоёрдугаарт, бичгийн хэлгүй болбол хэл амархан мөхдөг.

Бичгийн хэл гэдэг бол тухайн хэлний дархлааг хадгалж байдаг бас нэг хүчин зүйл. Бичгийн хэлгүй, хэрэглэгч зөвхөн аман ярианы хэлтэй хэл бол мөхөх аюулд их ойрхон. Ярианы хэл бол бичгийн хэлээсээ хурдан хөгждөг. Бичгийн хэл бол хэв хэмжээндээ баригдаад  удаан хөгждөг. Тийм учраас аль болохоор бичгийн хэлтэй байх хэрэгтэй.

Гуравдугаарт, утга зохиолын хэл нь маш баялаг байх хэрэгтэй. Уран зохиол их унших тусмаа үгийн баялаг, эх хэлний дархлаагаа хүн өөртөө суулгаж байдаг.

Дөрөвдүгээрт, олон хэл аялгууны өнгө төрхтэй байвал хэл мөхөх аюулаас хол байдаг.

Сүүлийн үед манайд буриад, ойрдоор ярьж байгаагаа гадуурхаад халхаар ярих хэрэгтэй гээд байдаг. Олон аялгууны өнгө төрхтэй байвал тухайн хэл найрал хөгжим шиг л байна. Олон хөгжим нэг зэрэг найрахаар ямар аялгуу гаргадаг билээ, ганц хөгжим дуугарах ямар байдаг билээ, тэрэнтэй л адил.

Өөр нэг чухал зүйл бол хэл гэдэг бол тухайн үндэстний сэтгэлгээг хадгалж байдаг. Монгол сэтгэлгээ, монгол ёс заншил, монгол бүх юмны дархлаа хэлээрээ дархлаажиж байдаг. Харин ардын аман зохиолоороо монголчууд маш их баялаг.

-Нүүдэлчин ахуйн онцлог байх, тийм үү?

- Тийм. Нүүдэлчин ахуй гэдэг өөрөө тийм юм. Дээрх шалтгаануудаас хэл мөхнө. Ямар орчинд байгаагаасаа бас шалгаална. Жишээлбэл, одоо маш том үндэстний дотор байгаа, Хятадад байгаа монгол аялгуу ч гэдэг юм уу, өөрснөө л хамгаалахгүй бол тэр том үндэстэн чинь өөрийнхөө л хэл соёлоор л түрнэ шүү дээ. Тийм учраас өөрснөө хамгаалах гэж зүтгэж байна. Олон зуун жилийн турш харийн харьяалалд байгаа монголчуудын хэл аялгуугаа хамгаалах сэтгэл дотор бидний сэтгэл яг л адилхан явж байгаа. ОХУ-д байгаа халимаг, буриад бол бас л хэл соёлоо алдаж байгаа, мөхөх аюулд ойрхон байна.

Тийм учраас Монгол Улс бол өөрийнхөө хэл соёлыг бүхний өмнө тавьж, хамгаалах хэрэгтэй гэж би боддог.

-Тэгвэл манай ямар бичиг монгол хэлний дархлааг илүүтэй тээж байна вэ?

-Монгол үндэсний дархлааг авчирсан монгол бичиг, кирил монгол бичгээ нэгийнх нь дээр тавьж, нэг нь босоо нөгөө нь хэвтээ, нэг нь тэнгэрийн, нөгөө нь газрын бичиг гэж ялгахад би дургүй. Яаж авсан юм бэ гэдэг улс төрийн шалтгаан байсан эсэх нь өөр хэрэг. Хэрэглээд монголчуудын оюуны соёлд ямар үнэ цэнэ авчирсан юм бэ гэдэг талаар яривал кирил бичгийг дорд үзэх үндэслэл ерөөс байхгүй. Монгол бичиг үнэхээр монголчуудын оюуны соёлыг олон зуун жилээр тээж ирсэн, монгол хүний сэтгэлгээний онцлог шингэсэн, үндэстний бичиг болтлоо дархлаажсан.

Гэхдээ кирил бичиг, монгол бичиг чинь уг нь нэг гаралтай, эртний финикээс үүсэлтэй. Нэг нь Грекээр дамжаад, нөгөө нь согд уйгараар дамжаад ороод ирсэн. Бүх үсэгний нь зурлага адилхан гээд бичсэн юм байгаа шүү дээ. Тийм учраас энэ хоёр бичгийг хоёуланг нь сурах хэрэгтэй, хэрэглэх хэрэгтэй. Төр засаг үүнд санаа тавих шаардлагатай. 

2025 оноос монгол кирил хос бичигтэй болно гэсэн. Ганцхан одоо миний эмзэглэж явдаг зүйл гэвэл, 2025 он гэхэд монгол бичгийн хэрэглээ, орчин бүрдэж чадахгүй бол орж чадахгүй. Дунд сургуульд заалгачихлаа, гараад унших юм байхгүй. Орчин бүрдэхгүй байна. Ядаж л одоо албан захидал, өргөдлөө монгол бичгээр бич гээд байх юм бол сурна шүү дээ.


- Хэл ер нь хөгждөг юм уу, баяждаг юм уу. Монгол хэл маань хөгжөөд байна гэж хэлэхэд хэцүү ч юм шиг. Долоон зууны өмнө бичигдсэн "Монголын нууц товчоон"-ы үг хэл, найруулга ямар сайхан байдаг билээ. Гэтэл өнөөгийн бидний ярьж бичиж байгаа түүнтэй харьцуулахад их дорд түвшинд байгаа биш үү. Ер нь, хэл хөгжинө гэдгийг хэрхэн ойлговол зохих вэ?

-Хэл бол хөгжинө, баяжина. Хөгжинө гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл, монгол хэл бол залгамал хэл гээд  залгамал хэв шинжийг хадгалж явсаар байгаад залгамал биш задлаг байгуулалтай хэв шинжтэй болох ч юмуу, олон тийн ялгалтай байж байгаад цөөн тийн ялгалтай болдог ч юм уу дотоод бүтцийн хувьд бол хөгжил гэж ярьдаг. Үгийн сангийн хувьд бол баяжина гэж ярьдаг.

Хэл гэдэг өөрөө хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт бүтээл учраас  өөрийн дотоод зүй тогтолтой. Тэр дотоод хууль зүй тогтол, бүтэц байгуулал нь хэрэглээний явцад хувьсана шүү дээ. Ярианы хэл дотор хэлний хувьсал хөгжлийг харж болдог. "Явжийна" гэж яриад "явж байна" гэж бичнэ гэдэг чинь нөгөө хэлний хөгжлийг хазаарлаж байгаа байхгүй юу. Хэл аман яриаг дагаад л хэт хурдан хөгжих юм бол бичгийн хэл маш хурдан устах аюултай.